Хуудас

2011/01/22

Чингис хаан ямар угсаатан байсан бэ?







Монголын тулгар төрийг үндэслэн байгуулагч Тэмүүжин буюу Чингис хааныг хэн бүхэн Хияд Боржигон овогт, халхад ойр хүн гэж үздэг билээ. Гэтэл Чингисийн хөргийг янз бүрээр дүрсэлсэн зураачид байдаг шиг Чингис хааны угсаа гарлыг өөрийнхөөрөө тайлбарлагчид бий. Чингис хааныг баяд үндэстэн байсан гэж үздэг хүмүүс Монголын нууц товчооноос ийм ойлголт авчээ.
Түүнд: Добу мэргэнийг үгүй болсон хойно Алан-гуагаас Буха хатаги, Бухату салжи, Боданчир мунхаг нар төрсөн байх бөгөөд Бэлгүнүтэй, Бүгүнүтэй нар Малиг Баяд хүний хүүхэд гэж сэжиглэж байгаагаар гардаг. Үүнээс үндэслэн зарим хүмүүс Чингис хааныг Баяд үндэстэн гэж үздэг байна.
Алан-гуа хоёр хүүхэддээ бусад гурван хөвүүныг тэнгэрийн хөвүүн гэж тайлбарлаж майгааг тэд огт үгүйсгэдэг юм. Тэр нь бол дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-Чонын удам Чингис юм гэдгийг батлахын тулд юм өгүүлж байгаа уран зохиолын халил билээ. Ер нь МНТ түүхийн зохиол гэхээсээ уран зохиолын маягтай бичигдсэн. Бас Чингис Хааныг өрнө зүгийн европ гаралтай хүн гэж бичсэн судар бичиг зохиогчид бий. 1220-1221 оны үест Монголд амьдарч “Монгол татарын тэмдэглэл” хэмээх зохиолыг бичсэн Сүн улсын түшмэл Жао Хун “Чингис хаан том биетэй, өргөн цээжтэй, урт сахалтай хүн байсан” гэж бичжээ. Мөн Персийн алдарт түүхч Рашид Ад дин “Судрын чуулган” зохиолдоо “Есүхэй баатрын хүүхдүүд бүгд цэнхэр нүдтэй, шаравтар царайтай байсан. Чингис хааны дүү Хавт Хасарын хүү Есүнгэ мэргэн маш өндөр нуруутай, урт сахалтай, улаан хүн байсан” гэжээ. Мусульманы түүхчид Чингис хаан өндөр том биетэй, асар их бяр чадалтай гэх зэргээр бичсэн байдаг. Гадаадын түүхчид Чингис хааны эзэлсэн орны хүмүүс байсан бөгөөд тэдний аргагүй байдлыг ойлгож болох юм.
Юутай ч гэсэн Чингисийн угсаа гарлыг манан будан дунд тодорхой бус үлдээлгүйгээр, ул суурьтай судалж ард түмэнд хэлж таниулах цаг болсон ажээ.

No comments:

Post a Comment